Дэлхий даяар жил бүрийн хоёрдугаар сарын 4-ны өдрийг Хавдартай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Монгол Улсын хувьд Хавдартай тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд "Хавдраас хамтдаа сэргийлье” үндэсний аяны нээлтийн үйл ажиллагааг ХСҮТ-д өнөөдөр зохион байгууллаа.
Дэлхий даяар шуугин ярьцгаадаг ДОХ, хумхаа, сүрьеэгийн улмаас нас барагсадын тооноос хорт хавдрын улмаас амиа алдагсад хэд дахин илүү байдаг ажээ. Тиймээс дэлхий даяараа хорт хавдрын эсрэг ажиллахаар хамтран зүтгэж байна. 2011 онд Хавдартай тэмцэх олон улсын холбоо /UICC/ "Бид хамтдаа хүчтэй" гэсэн уриатайгаар дэлхий нийт хамтдаа хавдраас сэргийлэх үйл ажиллагааг явуулж байна.
Манай улсад жилдээ дунджаар 4200 орчим хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгддэг. Жилд 3000 гаруй хүн хорт хавдрын улмаас амиа алдаж байгаа харамсалтай тоо баримт байна. Өөрөөр хэлбэл өдөрт 8 хүн хорт хавдрын улмаас хорвоог орхиж байна гэсэн үг юм. Хүн амын дундах нас баралтын шалтгааны хоёрдугаарт энэхүү хорт хавдар орж байна.
Гэтэл ердөө л доорхи эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлснээр хорт хавдрын нийт тохиолдлын 40 хувиас сэргийлэх боломжтой байдаг байна.
Үүнд:
-Хүүхдүүдэд тамхигүй орчинг бүрдүүлж өгөх
-Хөдөлгөөний идэвх, зөв хооллолт, биеийн жингээ барих
-Вирүсийн шалтгаант элэгний үрэвсэл, умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдах
-Нарны хэт ягаан туяанаас сэргийлэх
Харамсалтай нь манай иргэд амьдралын зөв хэв маягийг хэвшүүлж сураагүйгээс амь насаа алдах нь их байна. Хорт хавдраас ийнхүү урьдчилан сэргийлж болох төдийгүй эрт үед нь эмнэлэгт хандвал эдгэрэх боломж бүрэн бий. Гэтэл шинээр оношлогдсон хорт хавдрын 75 хувь нь III, IV үедээ буюу төгс эмчилгээ хийх боломжгүй үе шатандаа эмнэлэгт хандаж байна.
2009 онд хийсэн судалгаагаар нийт хүн амын 27,7 хувь, үүнээс эрэгтэйчүүдийн 48 хувь, эмэгтэйчүүдийн 6,9 хувь нь тамхи татдаг нь тогтоогджээ. Мөн тэдний 2 хүн тутмын 1- нь гэрийн орчинд, 3 хүн тутмын 1 нь ажлын байрандаа тамхи татаж, бусдыг дам тамхидалтад өртүүлж байна. Гэтэл уушигны хорт хавдрын 90 хувь орчим нь тамхидалтаас хамаарч үүсдэг билээ.
Үүний зэрэгцээ манай улсын эрэгтэйчүүдийн 39.7, эмэгтэйчүүдийн 15,1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг дадалтай байна. Олон жил үргэлжилсэн архаг архидалт нь элэгний хорт хавдар үүсгэх гол хүчин зүйл байдаг.
Нийт хүн амын 39.8 хувь нь илүүдэл жинтэй ба үүнээс 12,5 хувь нь таргалалттай байна. Илүүдэл жинтэй, таргалалттай байх нь хөх, бүдүүн, шулуун гэдэсний хавдар үүсгэх эрсдэл болдог.
Монголын нийт хүн амын 5 хүн тутмын 1 нь, 45-с дээш насны 2 хүн тутмын 1 нь дээрх эрсдэлүүдийн 3-аас дээшхийг өөрийн биед “агуулж” байгаа буюу өвчлөх өндөр эрсдэлтэй байна.
Хавдар үүсэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйл хүн амын дунд ийм өндөр байна. Тиймээс үүнд хүн бүр санаа зовж хавдраар өвчлөхгүй байхад анхаарлаа хандуулах хэрэгтэй байгаа юм.
Та өөртөө, хайртай хүмүүстээ, үр хүүхдүүддээ анхаарал хандуулж тэдэндээ эрүүл, итгэлтэй ирээдүйг бүтээж өгөхийн тулд зорилготой, зөв амьдралын хэв маягийг бүрдүүлэхийг хичээгээрэй. Мөн “эрүүл” гэж өөрийгөө бодож байсан ч эмнэлэгийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаж байх нь та өөрийнхөө амь нас, эрүүл мэнддээ өгч буй баталгаа болох юм.
Лавлах, цахим бүртгэлийн утас: 451143, санал хүсэлт авах утас: 70150437
Лавлах, цахим бүртгэлийн цагийн хуваарь: Даваа-Баасанд 08:00 - 16:00
No comments:
Post a Comment
Сэтгэгдэлээ энд үлдээнэ үү