Ж.Чинбүрэн: Элэгний өвчлөл оргил үе дээрээ байна


Ж.Чинбүрэн: Элэгний өвчлөл оргил үе дээрээ байна
Хавдар Судлалын Үндэсний Төвийн Элэг Цөс Нойр Булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэнтэй хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.


Элэгний өмөнгөөр жилд 1300 хүн шинээр өвчилж байгаа бөгөөд Монгол улсад тохиолдож байгаа нийт хавдрын 40 хувийг элэгний хавдар дангаараа эзэлж байна. Сүүлийн үед элэгний хавдрын улмаас амиа алдаж байгаа хүмүүс цөөнгүй байгаа бөгөөд эрчүүд маань 9 дахин илүү өвчилдөг болох нь тогтоогджээ.

Гол нь хатуурал, В, С вирүсийн халдвартай байх нь элэгний хавдар үүсэх шалтгаан болдог. Харин түүнийг түргэсгэдэг гол хүчин зүйл нь архи юм. Харамсалтай нь манай хүн амын насанд хүрэгсэдийн 40 гаруй хувь нь архинаас шууд хамааралтай байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн 39,7, эмэгтэйчүүдийн 15,1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг дадалтай байна. Олон жил үргэлжилсэн архаг архидалт нь элэгний хорт хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйл болдог юм. Ингээд ярилцлаганд анхаарлаа хандуулна уу.

-Архи элгэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Хүн архи уулаа гэхэд архийг задалдаг гол эрхтэн нь элэг. Өөрөөр хэлбэл архины гол бай нь элэг юм. В, С вирүсийн халдвартай хүмүүс архи даах чадвар тун муу. Элгийг улам гэмтээгээд байдаг. Шартана гэж хүмүүс ярьдаг. Энэ нь нэг ёсондоо элгийг хордуулсны илрэл юм. Жишээ нь бид хагалгаа хийгээд элэгний 60-70 хувийг тайрдаг. Тэгэхэд хагалгааны дараагаас 3-5 хоногт тухайн өвчтөний биеийн байдал яг шартчихсан хүнийхтэй адил хэмжээнд хүрч, дотор нь муухай оргиж, юм идэхээр бөөлжиж, огиулдаг. Тэгэхээр тийм их өвдөлтийн дараа адил хэмжээний зовиур өгч байгаа нь архи уухаар элэг тэр хэмжээний ихээр хордож байна гэсэн үг. Мөн архи их уухаар элэг их өөхөлдөг. Архи их уусан хүний элгийг эход харахад андашгүй, цайрчихсан байдаг. Архийг задлах ёстой элэгний фермент өөх задлахын оронд архи задалсаар байгаад гэдэс дотор өөхөн бөмбөлгүүд их хэмжээгээр хуримтлагдаж байна гэсэн үг. Тэр эсийн үйл ажиллагаа төдий хэрээр л хямарч байгаа юм. Энэ нь бүр “архидалттай холбоотой элэг өөхлөх өвчин” гэж тусдаа нэр томъёотой.

-Энэ нь цаашид даамжрахаараа ямар үр дагавар авчрах вэ?

-Элэг өөхлөх өвчин нь яваандаа элэгний хатуурал болдог. Элэгний хатуурал нь явсаар хавдар болж амь насанд нь хүрдэг. Элэгний хатуурал болоход элгийг солихоос өөр эмчилгээ байдаггүй. Тэгэхээр хүн ухамсартайгаар өөрийгөө ноцтой байдал руу түлхэж байна л гэсэн үг юм. Хүн өөрөө мэдэхгүй явж байгаад халдвар авч өвдсөн бол өөр хэрэг. Гэтэл өөрөө мэдсээр байгаад өөрийгөө хорлоно гэдэг харамсалтай зүйл.

-Хэдий хэмжээгээр уухад элгийг хордуулах вэ?
-Хэдэн грамм байсан ч архи уусан л бол элгийг хордуулдаг. Архи ууж байна гэдэг элэг рүүгээ буудаж байгаа хэрэг юм.

-Тэгвэл хэдий хугацаанд уусны дараа хүн архичин болж, элэг гэмтэх бол?
-ДЭМБ-аас архичин гэж хэнийг хэлэх вэ гэдэг нэр томъёог гаргасан байдаг. Ууж байх үедээ архиныхаа хэрэглээг зохицуулж чадахгүй байгаа хүнийг л архичин гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл тасартлаа, өөрийгөө хянаж чадахгүй болтлоо уудаг хүмүүсийг хэлж байгаа юм. Зарим хүн ганц, хоёр хундага уучихаад “за одоо би болилоо” гээд больж чаддаг. Тэр хүмүүсийг бол архичин гэхгүй. Харин “архаг архидалт” гэдэг нь өдөр бүр 100 граммаас дээш хэмжээгээр уухыг хэлдэг. Жишээ нь европчууд орой бүр л шар айраг уугаад байдаг. Гэтэл хэмжээнээс хэтэрсэн шар айргийг өдөр бүр уугаад байвал маш хурдан элэгний хатуурлыг үүсгэдэг.

-Шар айраг чинь харин архийг бодвол элэг, бөөрөнд сайн гээд байдаггүй бил үү?
-Аливаа зүйл хэмжээнээсээ хэтэрвэл хор л болдог. Намайг гадаадад явж байхад байнга вино уудаг ахимаг, дунд насны эмэгтэйчүүд л цирроз болчихсон эмнэлэгт хандаж байдаг. Элэгний В, С вирүстэй байж архи уухад элэгний хатуурлыг маш хурдан үүсгэдэг.

-Элэгний В, С вирүсийн халдвар манай улсад их тархжээ?
-Монголчуудын дунд элэгний вирүсийн халдвар их байдаг. Ер нь 40-45 насны хүмүүс элэгний хавдар болж их ирж байна.

-Вирүсээс сэргийлэх вакцин гэж байгаа юу?
-Манай улс 90 оноос хойш В вирүсийн вакциныг хийдэг болсон. В вирүсийн вакцин хийлгэснээр насан туршдаа энэ вирүсээс хамгаалагдаж байна гэсэн үг. Харин түүнээс өмнө 1960-1970 оны үед В вирүсийн дэгдэлт болсон юм. Яагаад гэхээр тэр үед бохироос үүдсэн шар өвчин их тархаж, тэр хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлсэн. Харин тэр үед нэг удаагийн шприц байгаагүйгээс шприцээ буцалгаж хэрэглэдэг байсан юм. Үүнээс болж В вирүс их тарсан. Хүн амын 60 гаруй хувь нь вирүсийн халдвар авч, түүний 23 хувь нь архаг болсон гэж үздэг. Архаг халдвар авсан хүмүүс 15-20 жилийн дараа хавдраар өвчилдөг. Тэгэхээр энэ цаг хугацаа одоо яг болж байгаа учраас элэгний өвчлөл оргил үе дээрээ байна гэж хэлж болох юм.

-Хүн вирүсийн шинжилгээ хийлгээд вирүсгүй гэдэг нь тогтоогдвол вакцин хийлгэж болох нь ээ?
-Тэгэлгүй яахав. Хэрвээ В вирүс байхгүй л бол яаралтай вакцин хийлгэх хэрэгтэй.

1 comment:

  1. What are casino and gambling?
    Casino games offer many advantages. There is 인천광역 출장샵 a wide variety 전라남도 출장안마 of games 거제 출장샵 offered, including classic casino games 경기도 출장샵 such as 양주 출장안마 Roulette, blackjack, and video poker. In

    ReplyDelete

Сэтгэгдэлээ энд үлдээнэ үү